woensdag 4 november 2009

Нүүдэлчин монголчуудын сэтгэхүй юугаараа илүү вэ?


Хоцрогдсон, залхуу бүдүүлэг... гэх монголчуудын сэтгэхүйн тухай Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай ийнхүү өгүүлжээ Хүн төрөлхтөн үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн. Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү үргэлжийн хөдөгөөн л амгаланг буй болгоно. Амгалангаас илүү жаргал гэж үгүй.

Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нүүдэлчдийн амьдралын хувьсал үүнд оршино. Тиймгүйсэн бол амь зуулгын өөр хэлбэрийг хайх байсан. Яагаад тэд амьдардаг амьдралдаа сэтгэл хангалуун төдий олон мянган жилийн нүүр үзэв. Нүүдэлчидийн оршихуй бол байгаль дэлхий, одон ертөнцтэй зохицон орших оршил. Энэ оршил орчлон ертөнц дээрх өвөг оршил. Амьтан ургамал уул ус цөм байгаль дэлхий одон ертөнцтэй зохицон оршихыг эрмэлздэг. Өвөг оршил нь язгуур сэтгэлгээ бий болгоно. Юмс үзэгдлийг орчлон ертөнц хийгээд бусад юмс үзэгдэлтэй харилцах харилцаанд авч үзэж Бясалгадаг сэтгэлгээ бол язгуур сэтгэлгээ, Нүүдэлчин Монголчууд бол язгуур сэтгэлгээт үндэстэн. Язгуур сэтгэлгээ нь бодитоос хийвэр уруу, хийсвэрээс бодит уруу, тодорхойгоос ерөнхий уруу орж гарах мэтээр үргэлжийн хөдөлгөөнд байдаг. Сэтгэлгээний энэхүү хөдөлгөөн нь юмс үзэгдлийг уялдаа холбоогоор бүрэн дүүрэн хамардаг оюуны цогц үйл явц. Язгуур сэтгэлгээт үндэстэнд тодорхой нэгэн зүйлд ухаанаа ер бус төвлөрүүлсэн ижилгүй хурц ухаантнаас холч мэргэн цар хэмжээ өргөн нөр ухаатан олон байдаг.

Эртний Монголчууд орон сууцаа бүтээхдээ гараг эрхэсийн түгээмэл хэлбэр болох бөмбөрцгөн дүрсийг сонгосон нь эдүгээгийн монгол гэр юм. Оршин байхын хэлбэрүүд дотроос хамгийн бат бөх төгс төгөлдөр нь бөмбөрцгөн хэлбэр. Атом цөмийн бүтээцнээс нар сар, одон гараг цөм бөмбөрцөг хэлбэртэй. Тухайн үндэстэн үнэнхүү язгуур сэтгэлгээт байж гэмээн л ертөнц дээрх олон хэлбэрүүдийн дотроос бөмбөрцөг хэлбэрийг сонгосон байж таарна. Энэ бөх батаас гадна зохицлыг илүү бодон нь илт. Хязгааргүй олон гараг эрхэсийн эрхшээл дунд оршин тогтнох найдвартай хэлбэр бол тэдэнтэй ижил хэлбэртэй орших явдал гэдэг бол маргаангүй. Эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан сархинаг тоонотой гэр бол эдүгээгийн хатгуур тоонот гэрийг бодвол илүү бөмбөгөр. Тийм гэр бүл өнгөрсөн зууны тавиад он хүртэл говийн малчидад байсаар л байсан. Сархинаг тоонот гэр ямар ч догшин салхи ширүүн бороонд ундаггүйгээр үл барам хаяаг нь дээш нь сайн шуучихад үерийн ус дайраад өнгөрхөөс биш аваад явчихдаггүй. Хожимдоо монгол гэрийн унь тооно хоёр нь саланги болж тэдгээрийн харьцаа алдагдснаар конус хэлбэр уруу ойртон шовойж салхи шуурганд өртөмтгийн болсон юм. Хэдийгээр унь тооно хаалга хатавчны харьцаа өөр болсон хэдий ч монгол гэрийн үндсэн хэлбэр төрх хийц маяг нь өөрчилөгдөлгүй манай үед хүрч ирсэн гол шалтгааныг зөвхөн нүүдэллэн хэрэглэхэд тохиромжтой байснаар тайлбарлавал өрөөсгөл болно. Монголчуул гурван мянга гаруй жилд орон сууцаа үндсээр нь өөрчлөөгүйн шалтгааныг сэтгэлгээнээс нь хайх хэрэгтэй. Сууринчидын сэтгэлгээ бол хэрэглээний эрхшээлээр байгалийг өөртөө зохицуулан өөрчилөхийг эрмэлздэг сэтгэлгээ. Нүүдэлчидийн сэтгэлгээ бол байгалийн эрхшээлээр хэрэглээгээ хязгаарлан байгальд өөрийгөө зохицуулан өөрчлөхийг эрмэлздэг сэтгэлгээ. Энэ бол язгуур сэтгэлгээний төрх. Ерөөс язгуур сэтгэлгээ бол байгаль цаг агаарын эрс тэрс өөрчилөлтгүй үед агуулга хэлбэрийн үл хувисалыг эрхэмлэдэг. Нүүдэлчидийн сэтгэлгээний үндэс нь ийм учраас тэд хэлбэрийг ч агуулгыг ч өөрчилөхийг төдийлөн хүсдэггүй.

Нүүдэлчидийн ойлголтоор бол байгаль орчинтой зохицох зайлшгүй нөхцөл, агуулга бол орчлонт ертөнцөд өнө удаан оршихийн үндэс. Эл учир алив бүхний үнэ цэнэ, чанар чанасааны дээд үнэлэмж үзэмж бус хүч тэнхээ оюун билэг. Байгаль билигээсээ өөр эрхэм нь үгүй.

Тайван тогтонги зуршил хэлбэрийг эрхэмд үздэг үндэстэн бол монголчууд. Эргэх дөрвөн цагийн турш хөдөлгөөнд оршиж байдаг атлаа хувьсал өөрчлөлтгүй байхыг ямагт эрмэлздгийн учир бол хөдөлгөөн хүч өөрөө тайван тогтнгийг үүддэгт оршино. Тийм учраас амьдралынх нь хэм хэмнэл, амь зуулгынх нь арга, өдөр тутмынх нь ажил үйлс нэгэн хэвийн гольдрол бөгөөд чухамхүү энэ хөдөлгөөн хийгээд тогнонги нь бусдаас ялгагдах аж төрөх ёсыг бий болгожээ. Малчин монголдуудын амьдрал хөвч тайгын цаатан орны төвд, элсэн цөлийн нүүдэлчидийн амьдарлаас огт ондоо давтагдашгүй өвөрмөц . Харамсалтай нь үүнийг гадаадын эрдэмтэд ч, Монголчуд ч ерөөсөө анзаардаггүй. Анзаардаггүйн шалтгаан бол дундад зууны үеэс тогтчихсон ойлголтоос болдог аж. Ертөнцийн хүн зоны аж төрөх ёсыг нүүдэл ба суурьшил гэсэн хоёрхон хэлбэрт бүхнийг ерөнхийлөн савлаад сурчихснаас болоод сэтгэлгээний туйлшрал үүсч суурьшил биш бол нүүдэл биш бол суурьшил хэмээн бүдүүн бааргаар ангилах болсонтой холбоотой.

Гэтэл малчин монголчуудын аж төрөх ёс бол дан нүүдэл ч бус, суурьшил ч бус хоёулаа хосолсон аж төрөх ёс юм. Малчин монголчууд нүүдэллэх амьдралын дотоод агуулгад олон мянган жилийн турш бий болгосон, өөрсдөд нь аятай таатай суурьшил байгаа учраас сууринчид шиг амьдрах хүсэл төрдөггүй байж. Чухам энэ л учраас дэлхийн олон арван суурин иргэдийг байлдан дагуулж хот балгасыг нь өөрийн болгосон хэрнээ тэрхүү эзэлж авсан хот балгасдаа суурьшилгүй мөнөөх дасан дадсан их талын дунд нүүдэллэн явах уугуул амьдрал уруугаа буцдаг байж. Тэдний бүтээж буй болгосон нүүдэл суурьшил нь тав тух амгалан жаргалантайгаар тэр цагийн “шавар хотод шаван суух” суурин иргэдийн амьдралаас яавч илүү байсан дээрээ суурьшчихалгүй ХХ-р зуунтай золгосон хэрэг. Магадгүй нүүдэл суурьшил нь тухайн үедээ хамгийн дэвшилттэй, хамгийн амгалан жаргалан бүхий аж төрөх ёс байсан ч байж магад. Хүн төрөлхтөн даяараа иргэн соёл иргэншилд хамрагдан бүх нийтээрээ хотжтх үйл явцад өөрийн эрхгүй татагдах орох хойчийн өдөр аж төрөх ёсны хамгийн төгөс төгөлдөр нь нүүдэл суурьшил хэмэээн үзэх цаг ирж ч мэднээ. Хүрээлэн буй орных нь уул ус, гүвээ толгод, адуу малынх нь бэлчээрхорь гуч хоногийн давтамжтайгааар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч үүд хоймрынх нь орших зүг чиг, гэр дотрох эд агуурсных нь байрлал тэр ч бүү хэл хониных нь хот, үхэр тугал шинэ ботгоных нь зэл, ямар ч улиралд хэд хичнээн ч нүүж, хаа ч була гэсэн анх айл болоод байрлуулсан байр зүг чигийг нь хэзээ ч өөрчилдөггүй. Гэр дотор нүүдэггүйгээр нэг адил гэрийн гаднах орчноо ч өөрчилдөггүй. Өөрөөр хэлбэл хэд нь нүүж хаа ч буусан гэр дотор хийгээд гарийн гадаах өөрсдийн буй болгосон орчинг тэр чигээр нь ямар ч өөрчиллөтгүйгээр яваад байдаг гэсэн үг юм. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эд юмсын байрлал, зүг чигийг хэдэн үеэр өрчлөөгүй айл бишгүй байдаг. Хэвшил зуршил бий болох үйл явц гэр орон эд агуурсын байрлал зүг чигээрээ хязгаарлагддаггүй, мал маллагаандаа хүртэл нэвтрүүлсэн байдаг. Ямар ч малыг малалгаа уналгаа эдэлгээнд сургахлаа тогтмол харилцаа дадал зуршилтай болгохыг зорьдог. Энэ зорилгынхоо үүднээс мал маллагааныхаа зарим хэрэгслийг өөрчилсөн нь ажиглагддаг. Дэлхийн даяараа бугуйл хэргэлж мал адгуусыг барьдаг. Одоо ч тийм. Гэтэл төв халхууд буйгуйлыг уургаар солиод бараг таван зуун оныг үджээ. Малыг сургах гэж л тэр. Уурганд сайн хэвшсэн морь уурганы үзүүр толгойных нь тус газар очиход өөрөө зогсон баригддаг. Ерөөс малыг сургахдаа монголчууд гаргууд. Хэвшүүлсэн зуршлыг нь гажуудуулах үед “Мал муу занд сургалаа” хэмээн зэмлэдэг. Нүүдэлчин монголчуудын амьдрал өвөрмөц нүүдэл суурьшлын талаар түүхийн дэг журам хэвшил зурил дадал заншил бол нүүдэл дунд бий болгосон суурьшил. Энэхүү өнд зурагт сэтгэлтэйгээ үлдсэн баримт бол ХIII зууны үеийн монгол хаадын олон арван шар хөллөн нүүдэг их тэргэн юм. Ийм их тэргэнээс гадна дөрөв, найман үхэр хөлөлсөн гэр тэргэнүүд ч олон байсан байж таарна. Тэр цагийн хаадын нүүж яваа хүрээ, суурин иргэдийн жуулчин, хэсүүлчдийн нүдэнд талын иргэн алгуурхан хөдөлж яваа хот мэтээр төсөөлөгддөг байсан нь дээрх дүгнэлтийг батлах наад захын баталгаа юм. Эл учрыг үл ухах сууринчид л нүүдэлчдэд суурьшил байхгүй гэдэг ойлголтыг дэлхий дахинаа хэвшүүлэн суурьшилгүй болохоороо хоцрогдон бүдүүлэг хэмээх шошго зүүх болсон юм. Яагаад ийм ойлголт бий болгосон бэ гэвэл нэгдүгээрт нүүдэл мэдэхгүй сууринчид нүүдэлчдыг судалснаас, хоёрдугаарт язгуур сэтгэлгээнээс бус тэгш хэмт сэтгэлгээнээс гарсан гаргалгаа учраас тэр юм. Тэгш хэмт сэтгэлгээ бол баруун жигүүр зүүн жигүүртэй адилхан гэдгийг л зарчим болгодог сэтгэлгээ. Үзэгдэл юмс, сэтгэхүйн үйлдлүүдийг механикаар давхацуулж бясалгадаг сэтгэлгээний энэ аргаас болоод өрнө ба дорно, нүүдэлчид ба сууринчид хэмээх туульширсан ойлголтууд бий болгосон юм. Энэ ойлголтын уршгаар азийн ард түмэн малчин монголтууд ямар их доромжлол, басамжлал, дайсагнал, хонзогнолыг амссан билээ дээ. Алив юм тус хорын аль алиныг нь тээж ядаг юм хойно энэ ойлголт азийнхан дорд үзэгдэхгүй байхын их тэнхээг өгсөний хүчинд тэд өнөөдөр дэлхийн давцан дээр гарч ирж, шинэ зууны эзэн нь бид хэмээн зарлаж байгаа билээ.

Орон зайэ дотор чөлөөтэй хөдөлж байгаа нүүдэлчин хөдөлгөө нь нэг цэгээс нөгөө цэгийг зорьсон шугаман хөдөлгөөн бус ямагт эхлэл руугаа эргэж байдаг тойргон хөдөлгөөн юм. Хавраас зун, намар өвлийг дамжин буцаад хавартаа хүрдэг эргэлт. Эртний монголчуудын сэтгэлгэ бол цаг хугцаа тойрон эргэж урсдаг. Энэ ойлголтоор нь нэг голын усанд хэд ч орж болно. Тойрон эргэж урсаж байгаа цаг хугацаа бол ирээдүйн бус, өнгөрсөн бус, эдүгээ юм. Цаг хугацаа бол эдүгээгээс эдүгээр рүү урсаж байгаа мөнхийн хөдөлгөөн юм. Тийм ч учраас эртний монголчууд цагийн цагт оршиж байдаг. Мөнх тэнгэрийг шүтэж, зайран тэнгэрийнхээ заан хэлснийг хүссэн цагтаа сонсож байж. Эртний нүүдэлчид цагийг нар сарны мандах шингэх, од мичдийн түгэх гудайхаар баримжаалдаг байсан учраас хэмжих хэмжүүр нь суурин иргэдийнх шиг ойр ойрхон хэрчигдэн жижиглэсэн мөчүүд бус хол хол, бүхэл бүхлээр багцлагдсан үеүүд байдаг. Үдээс хойш гэхэд жин үдээс нар ханын элгэнд хүрэх мөчлөгийг хамрах бөгөөд түүн дотор үд хэвийх үе, нар баруунаа таших үе, уулын сүүдэр, бух үе гэхчилэн хэд хэдэн үе орсон байх жишээний юм. Цаг хугацааны багцалсан ба мөчилсөн хэмжүүрээс болоод нүүдэлчид ба сууринчид болзсондоо учир ч чаддаггүй байсан нь олонтаа. Чухамхүү иймэрхүү болзооны дараа л монголчууд цаг нарийн барьдаггүй гэдэг зэмлэл хүлээдэг байсан юм. Багцаалсан цагийн хэмнэлд хэвшсэн зуршлаасаа болоод бид агшин хором тооцдог нарийн болзооны цагийг баримталж чадахгүй байгааа явдал одоо ч түгээмэл.

Алива хэлний үгийн сан бүтээх үйлдэх хоёр үйл ажиллагааны үр дүнд баяжиж байдаг. Шинэ эд агуурс нэр үгийг аривжуулж, шинэ үйлдэл үйл үгийг аривжуулна Монгол хэлний үгсийн сан яндашгүй баян үйл үгтэй. Энэ арвин баялаг үйл үгийг мохошгүй зоригт элэнц хуланц маань мянга мянган оныг дамжин нүүсэн амьдралаараа ертөнцийн бүх хуурай газрын дийлэнх хэвийг хоёр удаа байлдан дагуулсан их үйлсээрээ буй болгон юм. Энэ бүх үйл үгийн манлай нь “дийлэнх” гэдэг үйл үг. “Дийлэнх” гэдэг үйл үгийн учир дор ертөнцийн сайхан нэр үгсийг хурааж авчирсан юм. Тийм ч учраас Монгол хэлний үгийн санд хятад, орос, перс, арав, грек, латин, самгард, төвд хэлний нэр олон арваараа байдаг. Харин харь хэлнээс орсон үйл үг нэг ч байхгүй гэхэд хэлсдэхгүй. Тэр ч бүү хэл сүүлийн 280 жилд монголчуудын эв эвдэрч, хийморь доройтон, манж оросын хараа хяналтанд орж дайчин омгоо далд хийсэн хүнд бэрх он жилүүдэд ч харь хэлний үйл үг монгол хэлний үгсийн санд нэвтэрч чадаагүй юм. Энэ бол монголчуудын оюуны хуяг үлэмж бат байсны гэрч. Харь хэлнээс орж ирсэн нэр үгс нь хүртэл монгол хэлний авиа зүйн зарчимд захирагдан монголжиж, монголжсон тэрхүү нэр үгнээс үйл үг нь ч мөн ялгаагүй монгол хэлний үйл үг бүтээх зарчмаар бүтдэг байсан учраас язгуур нь танигдахын аргагүй болчихсон байдаг аж. Нөгөө талаас монгол хэлний үйл үгийн сан хариас үйл үг авахааргүй арвин баялаг. Ийм их арвин үйл үгийн сантай болсны шалтгаан бол ямагт үйл үгийг үйлдсэний, олон янзын хувилбараар үйлдсэний үр дүн. Ийм байтал юунд биднийг залхуу гэнэ вэ. Юунд бид бусдын амаар өөр өөрсдийгө ад шоо үзнэ вэ. Залхуу ард түмэн ийм их үйл үгийг бүтээж чадна гэж үү. Үйлийг үйлдэхгүйгээр үйл үгийг бүтэж болно гэж үү.

Бидний монголчуудыг залхуу гэдгийн учир бол нүүдэлчдын стэгэлгээний онцлогийг мэдэхгүйтэй, нүүдэлч малчидын хөдөлмөр тариачин ажилчны хөдөлмөрөөс огт ондоо хөдөлмөр гэдгийг ойлгодоггүтэй холбоотой. Тариа тарих, нүүрс ухахад оюун ухаан маш бага оролцдог. Гэтэл бэлчээрийн мал аж ахуй бол цаг үргэлж бодох, эрэгцүүлэх таамаглах, сонголт хийх, шийд гаргах гэхчилэнгийн оюуны өч төчнөөн үйлдэл ордог хөдөлмөр. Малчин хүн хийхээсээ бодох нь их. Дээл хэдрэн, тамхи нэрэн завилан суугаа малчин эрийн хүнд харагдахдаа юу ч хийхгүй сууж харагдах нь мэдээж. Гэтэл тэрээр өчигдөр услаад гаргасан адуугаа урьд шөнө хоносон, өглөө хаашаа хөдөлсөн, одоо хаана байгааг мэдэхийн тул ойр зуурын уул толгод, хоолой хөндий, тойром марааг оюун ухаанаараа хэдэнтээ нэгжин хэдэнтээ эрэгцүүлэн бодол шийдлээ олмогцоо аажуухан босч мордож дахиад л төдхөн адуугаа туугаад хүрээд ирнэ. Гэтэл адуу нь тэнд байгаа байх гээд хүрээд очсон газар нь байхгүй бол яах вэ? Тийм тохиолдол бишгүй бий. Бэлчээрийн мал гэдэг зэр гөрөөс шиг зоргоороо амьтан, хаа ч явж мэднэ. Энэ тохиолдол малчин хүн алсын бараа харагдахуйц өндөр хяр дээр гарч мориноосоо буун ийш тийш дурандан байж болох газар нутгийг оюунаараа нэгжин эрэгцүүлж таамаглаж эхлэнэ. Ерөөс ма эрнэ гэдэг бол ухаанаа шавхана гэсэн үг. Зөвхөн малынхаа зан араншинг бус, өчигдөр өнөөдрийн салхины чиг, бороо хур, газрын гарц, ус унд, хужир мараанаас эхлүүлээд учирч болох тохиолдол бүхий тооцон бодоход хүрнэ. Энэ бол хашаан дотрох газраа хагалж, урдах мөргөцгийнхөө нүүрсийг ухахаас огт өөр. Таричин, ажилчин хөдөлмөр бол ухаан бус уйгагүй хөдөлмөр шаардсан ажил. Залхуугүй хүрздэж, зээтүүтэж байж гэмээн бүтдэг ажил. Сурин иргэд ба нүүдэлч малчин хоёрын өдөр тутмынх нь ажлын өөр өөр арга сэтгэлгээний төрхийг давхцуулах юм уу аль нэгийг нь авч нөгөөг нь хэмжихийг оролдсон тохиолдол бүхэн үнэнээс гажина.

Нүүдэчдийн хүчирхэг явсны шалтгаан нь тэдний бүх зүйл нууц байсанд оршино. Ертөнц нууц оршигчдоос илүү хүчтэй нь үгүй. Нууц гэдэг мэдэхгүй мөн. Мэдэхгүй танигдашгүйгээр өөр хүчтэй байхгүй. Өнөө хэр Эзэн Чингисийн алтан шарил олдохгүй байна. байгаа газрыг нь ч товлож чадаагүй. Юутай ч тэр үедээ 770 гаруй жилийн цаана аваачаад онголчихсон гэсэн үг. Монголчууд Хүннү их гүрний үед бичиг байсан хэр нь өөрсдийгөө бүхий л нууцыг бибиж хадгалдаггүй байж. Эрхэм нандин бүхнээ оюун ухаандаа хадгалан оюунаас оюунд дамжуулан хадгалдаг байж. Оюун ухаанд хадгална гэдэг ирэх он жилүүдийн завсагт аваачаад хийчихэж байгааа хэрэг. Нууцаа хадгалах чадвар бол оршин тогтнохын нэгэн үндэс Дийлдэшгүй, мөхөж сөнөхшгүй оршил нь тайлагдашгүй сэтгэлгээг бий болгодог. Монголчуудын сэтгэлгээ бол ертөнц дээрх нэг танигдашгүй тайлагдашгүй мөн Нүүдэлчин монголчуудын энэхүү тайлагдашгүй танигдашгүй оюуны их өв бол билиг зүй. Малын им тамга, хадны сүг зураг, хээ угалз, удган бөө нарын өмсгөл, эртний зан үйл, эмээл хазаар, сур дээсний занилаа гогцоо... ер нь хаа л бол хаа билэг тэмдэг. Энэ бол нууц дохио, зангаа. Ерөөс билэг тэмдэг гэдэг бол тайлах түлхүүр нь гээгдсэн эцэг өвгөдийн гэрээс юм. Түүнийг тайлах хялбар бус. “Билгийн ёсыг билэгт хүмүүн мэдьюү” гэсэн үг байдгийн учир нь энэ.