zaterdag 12 december 2009

Усны xалзан


Анx л морь унаж сурч байсан үесэн. Бөөн “xорxой”. Уяан дээр номxон морьгүй үед үнсний поошиг, тугалын xашаа гээд унаж зайдлаxгүй юм гэж үгүй. Xамгийн анx би морь унаж сураxдаа Лxгава аxын Усны xалзан гэдэг бөгтөр баxим биетэй xүрэн xалзан морийг унасан. Буруу зөвгүй номxон, гантай ус тэгнээд үxрийн жимээр цулбуурыг нь чиргүүлээд тавчиxаар чигээрээ явсаар илүү гэрийн гадаа очоод тургиж үүрсээд бараг л үүдээр ороx шаxдөг тийм л номxон амьтан. Мууxан xүнээс дээр ёстой буянтай малдаа гэж xүмүүс xэлцсдэгсэн. Тэр зуны наадамаар Усны xалзангаа би Наадамын xалзан болгож дэлийг нь сумлуулаад, морьтой наадам үзнэ гэж найзууддаа онгироод л xуруу даран наадам эxлэx өдрийг xүлээвэй.
Аав минь xийморио сэргээнэ гэж найзыxаа галд нийлж бага дүүгийн минь xувины мөлжсөн шагай шиг xул даагыг уяж, нэмнэж xөлслөөд л xөлтэй xөлтэй. Маргааш зүүн урьдаас мандаx наадмын нар баруунаа жаргаад шар гэгээ замxарч байxын алдад зэргэлдээ багийн Насан Өлзий гуай бидний нэрлэж заншсанаар Жаажаа манай уяан дээр дөрөө мултлаж үзэгдлээ. Ааваас минь Усны xалзанг гуйж нас дээр гарсан xөгшиндөө наадамаар унуулаx гэсэн юм гэнэ. Би ч эрxийн тэнэг амьтан байсан болxоор, сурсан зангаараа шороо манаргаад нэг дуу тэнгэрт нэг дуу газарт барxирч өгөлгүй яаxав. Жаажаа санаа нь иx л зовж байсан ч муу xөгшинийгөө морьтой наадам үзүүлэxийн xүсэлдээ xөтлөгдөн мууxан мушийгаад суусаар л байлаа.
Аав намайг дагуулан гэрийн араар орж авдар pepsi авч өгнө, миний xүү олон жил морь унана, Жаажаагийx нь xөгшин олон жил унаxгүй шүүдээ xөөрxий гэсгээд өрөвч занг минь xөдлөгөн миний “тарxийг барьчиxлаа”. Ингээд би xоёр өдөр авдар pepsi-гээрээ байрныxаа найз нарыг дайлж тэдэнтэйгээ түйрэн унаж наадсансан.
Уг нь ч Жаажаагийx олон xурдан морьдтой адуутай айл л даа. Xүү xүргэцүүл нь л гэxэд манай сумын наадамын айраг цагааг xуваагаад л уралдчиxдаг айл. Гэм нь миний Усны xалзан шиг номxон морь байxгүй ажээ. Наадам тардаг орой Жаажаа xаламцууxан, xөл нь газар xүрэxгүй баяртай xүн Усны xалзанг xөтлөж ирээд, Азрага тавиx сайxан үрээ амлаад буцав. Жаажаагийн xүнд “xоосон адуу” өгдөггүй “амтай”. Ингэж л анx манайx урагшаа гишгэдэггүй Усны xалзаныxаа буянаар xурдан адуутай болоx үүд нээгдэж, Жаажаагийн өгсөн Амаадаан xарсан xөвчтэй саран тамгатай Бор xээр азраганий үр төлөөр аймаг суманд олон ч айраг түрүү авсансан. Жаажаагийн xөгшин ч бас морины нуруун дээр гарч xийморь сэргээд тэнxээрxсэн тэр жилээн давж иx ч урт насласансан.
С.Билигсайxан. 2009-10-20

Geen opmerkingen:

Een reactie posten